Харилцагчийн анхаарал татсан зүйлийг бодож олж чадвал тэд анхаарал тогтоон үзнэ. Цаашид бусад хүмүүст дуртайяа тараана. Энэ бүхний үр дүнд компаний брэнд, бүтээгдэхүүн үйлчилгээ хүмүүст танигддаг.
Таны дамжуулах мессеж нь айхтар ноцтой байх шаардлагагүй. Гэвч илт мэдэгдэхүйц байх хэрэгтэй. Мессежийг төөрүүлж болохгүйг анхаар. Хэрэв та эхний 6 секундад л анхаарлыг нь татаж чадахгүй бол хүн залхаад, цааш үзэх хүсэл төрөхгүй.
Хошин шог, эгдүүтэй байдал хүний сэтгэлд хөнгөн хүрч анхаарал тарахдаа илүү байх тал бий. Олон хүнд хүрч байна гэдэг нь таны бүх ажил дуусчлаа гэсэн үг биш. Таны найдаж болох зүйл бол энэхүү арга хэмжээ нь харилцагчдын анхаарлыг татаж, дараагийн ямар нэгэн зүйлийг хүлээн авах мэдрэмжтэй болж буй явдал юм.
Автоландын үйлчилгээг хүүхдүүд тайлбарлах нь ямар үр дүн хүрэв?
Голомт банкны бизнес хөгжлийг удирдаж байхад хуучин автомашинаа өгөөд оношилж баталгаа гаргасан шинэ машин авах боломжийг олгох Trade-in-Finance үйлчилгээг харилцагчиддаа таниулах зорилготой ажиллаж байв. Олонд сайн танигдаагүй байсан компани (Автоландтай Голомт банк хамтардаг), олонд танигдаагүй үйлчилгээ. Яг юуг нь, яаж хүмүүст ойлгуулах вэ, рекламыг үзэхээсээ илүү алгасдаг болсон цагт яаж анхаарал татах вэ гэдэг бодол толгойд эргэлдсээр, эрэл хайгуул хийсээр.
Ингээд хүүхэд тоглуулъя гэдэг санааг олж (хүүхэд тоглодог амьд мэдрэмж, үйлдэл, дуу авиа ямар эгдүүтэйг би мэднэ) Автоланд болон банкныхаа маркетингийнханд хэлж, санаа сэжүүрийг нь ч өглөө. Гэвч реклам хийгдээгүй олон сар боллоо. Ямар нэгэн шалтгаан байсан байх. Эцэст нь бяцхан хүүгийнхээ тоглодог машинуудыг торонд хийж гараад Маркетингийн ахлах (одоо Голомтын маркетингийн захирал) Идэрт өгч, энэ тоглоомуудаар яг ийм зохиолоор зураг авалт хийгээдэх гэснээр реклам төрлөө. Хамтрагчийнхаа бизнес, бүтээгдэхүүнийг олон нийтэд хүргэх гэдэг нь борлуулалтын амжилтын маш чухал хөшүүрэг байлаа.
Дээрх реклам Автоландын Facebook-д тавигдсан даруйдаа долоо хоногийн дотор 200K хол давсан хүмүүст хүрсэн. Хүмүүс ямар хөөрхөн юм бэ, автоланд хаана байдаг юм бэ, ёстой хөөрхөн юм ойрд ийм эерэг юм үзсэнгүй хэмээн comment-лож, шэйрлэж байсан. Уг рекламаар хүмүүсийг залхаахгүй яаж анхаарал тогтоон үйлчилгээгээ ойлгуулах вэ гэдэгт санаа зовж байсан сэтгэл минь амарсан. Дээр хэлсэнчлэн ингээд бүх зүйл болчихож байгаа биш гэдгийг сана.
Radisson зочид буудал хэрхэн бизнес сегментээ өөрчлөв?
Олон улсын өөр нэг жишээ татъя. Зочид буудлын бизнесээр тэргүүлэгч Radisson зочид буудалд томилолтоор яваа бизнес хүмүүс ихэвчлэн үйлчлүүлдэг байсан. Тэд буудалдаа цагаа өнгөрөөхөөс илүү ажлаа хурдхан амжуулахыг илүүд үздэг. Их ажлынхаа хажуугаар гэр бүл, хүүхэдтэйгээ утсаар ярьж, бэлэг авж ч амждаггүй.
Radisson зочид буудлынхан угаалгын өрөөндөө эгдүүтэй хөөрхөн нугас байршууллаа. Нугасны хажууд “хэрэв хүсвэл ойр дотны хэн нэгнэд хайрцганд хийгээд дэлхийн хаана ч хүргээд өгнө” гэсэн бичиг зүүв. Мэдээж шууданг явуулсны хөлс өрөөний тооцонд нэмэгдэнэ. Хэдий тийм ч бизнес зэрэглэлийн зочид буудлын хувьд энэ зардал өчүүхэн зүйл.
Энэхүү маркетингийн кампанит ажлын үр дүнд Radisson-ны мянга мянган нугаснууд дэлхий даяар тээвэрлэгдсэн. Томилолтоор яваа завгүй бизнесмений анхаарлыг хөөрхөн нугас татахад, гэр бүл, ойр дотны нэгэндээ хүргүүлчих нь маш гоё сурприз байв. Ийнхүү харилцагчдынх нь гэр бүл, ойр дотны хүмүүс, хамтран ажиллагсад Radisson-ыг илүү мэддэг болсон. Хамгийн гол нь брэндийн мөн чанар өөрчлөгдөв. Зочид буудлыг мэддэг болсон хүмүүс гэр бүл, дотны хүмүүстэйгээ аялал хийхдээ Radisson-д захиалга өгдөг болж ёсорхуу бизнес төрхтэй зочид буудлын сүлжээ гэдэг имидж найрсаг, халуун дотно болж бизнес зочид буудлахаас гадна амралтын өдрүүдээр аялж, зугаалж буй гэр бүлийн зочдын буудал болж өргөжсөн.
Эцэст нь дахин зөвлөхөд:
- Маркетингийн мессежээ бага зэрэг хөгжилтэй, эгдүүтэй болгоод үзээрэй.
- Тэр нь хүний сэтгэлд хүрч цааш нь дамжуулах сэдлийг яг хаана нь байх вэ гэдгээ сайн бодоорой.
- Маркетингийн мессежийг төөрүүлэхгүй байх, мессеж нь кампанийхээ нэр хүндэд сэргээр нөлөөлөхгүй байхыг анхаараарай.
Зөвлөх контенттой холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг авахын тулд mail@enkhtuya.mn -д хандаарай.